Thursday, February 1, 2007

Миний анхны бизнес

Би их сургуульд байхдаа бусдын л адил хичээлээ тасалдаг, даалгавараа хийдэггүй, багшийгаа найрсан тийм л оюутан байлаа. Гэхдээ би нэг л зүйл дээр өөрийн гэсэн бодолтой байдаг байсан нь зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсийг маш сайн сурч хэрэглэх явдал байлаа.
Нэгэн өдөр миний маш дотны найз Ирмүүн (миний багын найз л даа одоо ч бүх юман дээр хамт байгаа) гэдэг залуу хэдүүлээ өөрсдөөсөө 1 ч төгрөг гаргалгүй мөнгө олох арга бодож олъё гэлээ. Би тухайн үед нь төдийлөн анхаарал тавьсангүй тэгсгээд өнгөрсөн юм. Харин гэртээ очоод гэнэт яагаад болохгүй гэж, би чадах болов уу гэж эргэлзэж байснаа л маш сайн санадаг юм.
Хэд хоногийн дараа бид уулзаад яг юуг яаж хийх тухайгаа ярилцаж зөндөө суулаа. Их ч ярилаа, их ч маргалаа, тэгж тэгж нэгэн шийдэлд хүрсэн нь монголд хамгийн анх удаа бизнес семинар зохион байгуулах явдал байлаа. Миний санаж байгаагаар 2003 оны 9 сарын 10 хэдэн байсан санагдаж байна. За тэгээд бид хэд (бид хэд гэдэг маань миний 10 жилийн найз бас л миний маш дотны хүн Анхаа, Ананд гэж 2 залуу нэмэгдсэн юм) маш эрч хүчтэй эхэллээ дээ.
Өдөр бүр л уулзаж санаа оноогоо нэгтгэж, бас ажил ямаршуу түвшинд явж байгаа талаар ярилцдаг байлаа. Хэнийг яриулах вэ гэдэг асуудлыг маш нухацтай ярилцаж байгаад доорхи хүмүүсийг цуглуулахаар боллоо. Үүнд:
1. Дэмбэрэл (МҮХАҮТ-ийн дарга)
2. Ёндонжамц (Говь ХХК-ийн тэр үеийн дарга)
3. Оюунгэрэл (Петровисийн захирал)
4. Баттөр (Анод банкны тэр үеийн захирал)
5. Сэлэнгэ Юдит (Human Fortis хэмээх тэр үедээ л маш шинэлэг үйл ажиллагаа явуулж байсан хүний нөөцийн компаний захирал)
6. Жамьянсүрэн (АПУ ХХК-ийн тэр үеийн захирал)
7. Санхүү Эдийн Засгийн Сургуулийн хэн ч билээ нэг багш
Ингээд бидэнд реклам сурталчилгаа гэсэн асуудал гарч ирлээ. Нэгэнт л үйл ажиллагаа явуулах гэж байгаа болохоор сонин телевизээр сурталчлах хэрэгтэй болсон боловч бидэнд TV-ээр реклам явуулах мөнгө байгаагүй тул сонинг барьж авлаа. Тэгээд Өнөөдөр сонин дээр тавиулахаар одоо эрэн сурвалжлах албаны даргаар ажиллаж байгаа Золбаяр гэдэг залуутай уулзаж хөнгөлөлттэй үнээр тавьж өгөхийг хүсэхэд биднийг дэмжиж бараг үнэгүй шахуу тавьж өгсөн юм.
За тэгээд бид билет хэвлүүлэх хэрэгтэй боллоо. Билетийн эх бэлтгэх ажлыг Сүмбэ гэдэг дизайнер залууд даалгаж харин хөлсийг нь маш багаар тохирлоо. Билетийн үнийг 10000₮ өөр тогтоосон нь тэр үедээ л өндөр үнэ байсан юм. Билетээ хэвлүүлээд тэр үедээ л хүн их цуглардаг байсан Хаан Брой-д аваачиж өгч заруулах болсноос гадна хүн тус бүр 20 билет авч танидаг мэддэг хүнээрээ дамжуулан борлуулах даалгавар авлаа. Би Капитрон банкинд ажилладаг байсан хамаатны нэгэн эгчдээ өгч заруулсан бөгөөд бусад маань ч мөн тийм маягаар билетүүдээ зарсан юм.
Лекцийн өдөр
Маш их сэтгэл догдолсон бид хэд бүх л ажлаа нарийн зохион байгуулалттайгаар хийхийг зорьсон бөгөөд түүндээ ч хүрч чадсан байх. Лекц эхэлтэл бид дотроо хэдэн хүн ирэх бол?, биднийг ер нь ямар үр дүн хүлээж байгаа бол? хэмээн зөндөө бодож байсан юм.
Хүмүүс ирлээ. Ирээд л байлаа ирээд л байлаа. Гэтэл гэнэт нэгэн асуудал гарч ирэв. Бид хүн бага ирэх байх л гэж тооцоолж байснаас биш их ирвэл яах вэ гэж огт бодоогүй байжээ. Хүмүүс танхимаар дүүрч бид хүнээ багтаахгүй нь гэж сандарч эхэллээ. Бидний тооцоолсноос бараг 80 хүн илүү ирсэн байлаа. Сүүлдээ ч бид оруулах боломжгүй болсноо хэлэхэд ирсэн хүмүүс бид зүгээр зогсоод сонсмоор байна гэж гуйж эхлэв. Мөнгө олох сонирхолтой байсан бид яахав тэгээд оруулаад л, оруулаад л байлаа даа.
Лекцийг бид дундаа coffee break-тай байхаар зохион байгуулсан юм. Учир нь энэ хооронд ирсэн хүмүүс хоорондоо танилцаж хамтран ажиллах, түншлэх харилцагчаа олог гэж тооцоолсон байсан маань ч үр дүнгээ өгч хүмүүст маш сайхан санагдсан байсан бөгөөд бидэнд баярлаж, их сайхан шинэлэг зүйл хийж байгаа залуучууд байна, их баярлалаа гэж талархаж байсан нь маш сайхан байлаа.
Ингээд лекц дуусч, маш их ядарцгааснаа гэнэт мэдэрцгээсэн бид хэд гэр гэртээ харьцгааж билээ. Энэ бол бидний хийсэн анхны бизнес байлаа. Тэр орой бид 1 сая 700 мянган төгрөг олсон юм даа.

1 comment:

Agi said...

mash dajgui bolson baina. anhnii iimerhuu zorigtoi alham yamagt amjilt bolomjig daguuldag gedegt bi itgedeg. ene ercheeree tsaashdaa uregljuuleerei. Temka.